2020-2021 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

32.5% - Бэлчээрийн нөөцтэй

18.1% - Бэлчээр хүрэлцээтэй

25.0% - Ддаац 1-3 дахин хэтэрсэн

  6.1% - Даац 3-5 дахин хэтэрсэн

18.3% - Даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 орчим хувьд хэтэрч гарлаа. Даац олон дахин хэтэрч гарсан нутгийн хэмжээ 20 (18.3) шахам хувь байна.  

Энэ зун нутгийн өмнөд хагаст бороо хур багатай, зуншлага муу байсан ба 7 дугаар сарын сүүлчээс зарим газраар байдал дээрдэж байна. Зуншлага сайн байсан нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо их байгаатай холбоотой. Зуншлага тааруу байгаа аймаг, сумдын малчид, ялангуяа говь хээрийн бүс нутгийн малчид отор нүүдэл их хийж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймгуудын ихэнх нутгаар даац хэтэрч гарсан байна.            

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Говь-Алтайн Төгрөг, Цээл, Халиун, Бигэр, Жаргалан, Чандмань, Дэлгэр,  Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Заг, Бөмбөгөр, Галуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Баянцагаан, Баацагаан, Жинст, Богд, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Уянга, Зүүнбаян-Улаан, Сант, Баянгол, Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг, Булганы Рашаант, Төвийн Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Өмнөговийн Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Баян-Овоо, Ханхонгор, Баяндалай, Манлай сумд орж байна.

Мөн Баян-Өлгийн Буянт, Увсын Зүүнхангай, Ховдын Мөст, Цэцэг, Говь-Алтайн Тонхил, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Архангайн Өлзийт, Хотонт, Өвөрхангайн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр, Нарийнтээл, Гучин-Ус, Хайрхандулаан, Тарагт, Орхоны Баян-Өндөр, Төвийн Аргалант, Лүн, Хэнтийн Дэлгэрхаан, Сүхбаатарын Баяндэлгэр, Дундговийн Сайхан-Овоо, Луус, Адаацаг, Говь-Угтаал, Өндөршил, Дорноговийн Сайхандулаан, Мандах, Өмнөговийн Номгон, Цогтцэций сумдад даац 3-5 дахин (улбар шар) хэтэрч гарсан байна.

Нийт нутгийн 25% нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан нутагт хамрагдаж байна.

Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй.