Монгол орны нутаг дэвсгэр дээр жигд шахам тархан байрласан цаг уурын ажиглалтын урт цуваат 45 өртөөдийн мэдээгээр тооцоолоход Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2023 оны хооронд 2.52°С/84 жил (p<0.05 буюу статистик үнэмшилтэй) –аар дулаарч байгаа бөгөөд 1988 оноос хойш эрчимшил эрс нэмэгдсэн байна (Зураг 1).  

Зураг 1. Жилийн дундаж агаарын температурын ОЖД (1961-1990 оны дунджийг ОЖД гэж авав)-аас хазайх хазайлт болон олон жилийн эрэмбийн график

Монгол орны жилийн нийлбэр хур тунадас 1940-2023 оны хооронд тодорхой өссөн буурсан хандлага илрээгүй ч нийт хандлагаар бага зэргийн өсөлт ажиглагдаж байна (Зураг 2).  Жилийн нийлбэр хур тунадасны олон жилийн явцаас харахад 1997-2011 оны хооронд удаан хугацааны турш ОЖД-аас бага хур тунадас орсон бол сүүлийн 2012,2013,2016,2018,2020,2021,2023 онуудад дунджаас ахиу тунадас оржээ.

Зураг 2. Жилийн нийлбэр хур тунадасны ОЖД (1961-1990 оны дунджийг ОЖД гэж авав)-аас хазайх хазайлт болон олон жилийн эрэмбийн график