Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэс
Усны горимын ажиглалтын мэдээний тойм
2025 оны 09-р сарын 11-ний 08 цагаас 2025 оны 09-р сарын 20-ны 08 цаг хүртэлх 10 хоногийн усны горимын тойм
Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см –ээр буурсан байна.
- Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10-35 см бага байна. Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хэлбэлзэл багатай байсан.
- Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10-80 см бага, үүнээс Идэр, Чулуут голын эхээр олон жилийн дунджаас 10 см ахиу түвшинд байлаа.
- Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин энэ сарын 13-15-ны хооронд 5-15 см-ээр нэмэгдэж, аажмаар буурсан ба голуудын арав хоногийн дунджийг олон жилийн дундаж болон 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10-40 см-ээр бага байсан.
- Харин Туул гол олон жилийн дунджаас 20-60 см ахиу түвшинд байлаа. Орхон, Сэлэнгэ голуудын усны түвшин нийт уртын дагуудаа өмнөх арав хоногийн турш өөрчлөлт багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5-60 см бага байна.
Номхон далайн ай савын гол, мөрөн Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих голуудын усны түвшин энэ сарын 13-15-ны хооронд 5-30 см нэмэгдэж, аажмаар буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 20-110 см бага, харин Балж гол Дадал сумын орчимд олон жилийн дунджаас 60 см ахиу байна.
- Төв Азийн гадагш урсацгүй ай сав Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Бодонч, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш өөрчлөлтгүй байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10-85 см бага байна.
- Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан, Тээл, Зүйл, Шарга, Заг, Зэгстэй, Онги, Чигэстэй, Түй, Шаргалзуут, Цагаантуруут, Таац Байдраг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш өөрчлөлтгүй байв.
- Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2024 жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10-85 см бага байна.
- Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг, Хангилцаг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш өөрчлөлт багатай байв.
- Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж, болон 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5-30 см бага, харин Хархираа гол Тариалан сум орчмоор олон жилийн дундаж түвшнээс 10 см ахиу байсан байна. Манай орны ихэнх гол мөрний усны түвшин 9 дүгээр сарын дунд арав хоногийн байдлаар өөрчлөлт багатай байв.
- Харин Хэнтий нуруунаас усжих голуудын усны түвшин энэ сарын 13-15-ны хооронд 5-20 см нэмэгдсэн байна. Туул гол нийт уртын дагууд, Балж гол Дадал сум орчмоор олон жилийн дунджаас 20-60 см ахиу түвшинд байв.
2025-09-22